ЧЕХ ДЭХ МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМД УРАМТАЙ САЙХАН НААДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам амжилттай болж өнгөрлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан “Дэлхийн Монголчуудын Наадам”-д Чех, Словак улсуудад аж төрж буй манай иргэд идэвхтэй оролцож, хийморьтой сайхан наадлаа.
“Дэлхийн Монголчуудын Наадам”-ын нээлт болон соёл урлагийн арга хэмжээнүүдэд Чех дэх монгол уран бүтээлч залуусын “Гэрэгэ” хамтлаг болон Плзен хотын Дуурийн театрын дуучин Ц.Батсуурь нар оролцож, өөрсдийн уран бүтээлээс наадамчин олонд толилуулав.
Наадмын бөхийн барилдааныг тус ЭСЯ, МҮБХ, Европ дахь Монгол үндэсний бөхийн холбоод, бөхчүүдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Ческа Липа хотоос хүрэлцэн ирсэн Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, сумын начин Мэндбаярын Цэндсүрэн түрүүлж, Оломоуц хотоос хүрэлцэн ирсэн Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, залуу бөх Болдбаатарын Чанрав үзүүрлэж бахдам амжилт үзүүлэв. Мөн дунд шөвөгт Чех дэх үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбооны тэргүүн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат аймгийн начин П.Цэрэнпунцаг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат сумын заан Т.Дамбаравжаа, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат сумын начин Д.Ганзориг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат залуу бөх Э.Хосбаяр нар шалгарч барилдлаа. Наадмын бөхийн жаяг дэгийн багт Чех дэх үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбоог төлөөлөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат аймгийн харцага Ж.Билэгт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат аймгийн начин Ө.Тулга нар ажиллав.
Сур харваанд нийт 60 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд Чех улсаас оролцсон эмэгтэйчүүд урамтай сайхан харваж, Сүхбаатар аймгийн харьяат сумын мэргэн Ц.Жавхланбаяр түрүүлж, Дорноговь аймгийн харьяат залуу харваач М.Энхчимэг дэд байрт шалгарлаа.
Шагайн харвааны тэмцээнд Чех дэх монголчуудын “Хүннү”, “Арга билэг”, “Уухай”, “Бат Мост”, нумт харвааны “Алтан шагай” гэсэн нийт 5 багийн харваачид онч мэргэнээ уралдуулснаас Б.Батбаатар ахлагчтай Мост хотын “Бат Мост” баг мөнгөн медалийн эзэд боллоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлын бэлгэдэл болсон “Дэлхийн Монголчуудын Наадам”-д Чех дэх хувиараа аж ахуй эрхлэгч иргэд, компани оролцож, хуушуур, айраг тэргүүтэй идээ, ундаагаар бялхуулав.
Баяр наадмыг зохион байгуулцахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Өргөмжит консул П.Славик, орчуулагч, хэлмэрч Р.Энхтуяа, П.Шагдар захиралтай “Гэр кэмп” амралт, жуулчны бааз, Ц.Алтанбал захиралтай “Shanyu” компани болон хүрэлцэн ирж оролцсон нийт тамирчид, уран бүтээлчид, наадамчдадаа талархал илэрхийлье.