images

ТРЖЕБОН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ЗОЧИЛЛОО

Үйл явдлын мэдээ

2025-06-06

23

Элчин сайд Д.Гансүх энэ сарын 6-ны өдөр Тржебон хотын орлогч дарга Яна Грамметбауэрова, Алеш Колар тэргүүтэй төлөөлөгчдийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Тэрээр төлөөлөөгчдийг ЭСЯ-нд зочилж байгаад талархаж, Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, өнгөрсөн 3 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЧУ-д хийсэн төрийн айлчлал, Чехийн Үндэсний музейд нээгдсэн “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн болон Монголын Морин хуур найрал хөгжмийн “Монголын сайхан орон” тоглолтыг Ерөнхийлөгчийн ордон, Чехийн филармонид зохион байгуулсан талаар онцлон дурдав.
 
Мөн Элчин сайд хоёр улсын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаа, боломжийн талаар танилцуулж, Прага хотын Амьтны хүрээлэнгийн шугамаар Монголд тахь нутагшуулах ажил амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэлээ.
 
 
Тржебон хотын төлөөлөгчид Чехийн Үндэсний музей дэх “Чингис хаан” үзэсгэлэнг үзэж сонирхсон сэтгэгдлээсээ хуваалцаж, Монголын түүх, соёлын талаар үнэтэй мэдлэг мэдээлэл авснаа тэмдэглэн, цаашид Тржебон хот Монголын аль нэг хоттой хамтран ажиллах, ах дүү хотын харилцаа тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
 
Чехийн өмнөд хэсэгт оршдог Тржебон хот нь байгалийн олон тооны нуур цөөрөм, рашаан сувиллаараа нэрд гарсан бөгөөд дугуйтай аялал жуулчлалын гол чиглэлүүдийн нэг юм. Тус хотод Чехийн Үндэсний музейн харьяа Буддын шашны эд өлгийн зүйлсийн галерей байрладаг бөгөөд үзмэрүүдийн ихэнх нь Монгол Улсаас гаралтай юм.
 
Мөн Тржебон хотын захиргааны Соёл, аялал жуулчлалын газар нь өмнө нь Гандантэгчэнлин хийд болон Монголын тогооч нарын холбооны мастер тогооч нартай хамтран Монгол Улсыг сурталчлах соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ уламжлалыг цаашид үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийллээ. Төлөөлөгчид ЭСЯ-ны гэр өргөөг сонирхож, хотдоо гэртэй болохоор төлөвлөж байгаагаа ярив.