images

ЭСЯ-НЫ НЭРЭМЖИТ “УРАН НҮҮДЭЛ-2025” ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2025-06-03

92

ЭСЯ-ны нэрэмжит “Уран нүүдэл-2025” шатрын тэмцээнийг Чех улсад аж төрж буй 7-16 насны монгол хүүхдүүдийн дунд 2025 оны 5 дугаар сарын 31-нд “Чех дэх Монгол ээжүүдийн бүлгэм”-тай хамтран зохион байгууллаа.  
 
Хүүхдийн баярыг угтан зохион байгуулдаг уламжлалт тэмцээнд энэ жил Прага, Ичийн, Брандийс над Лабем, Карловы Вары, Злин, Плзень, Млада Болеслав, Табор, Летохрад, Страж под Ралскем зэрэг 10 хотоос 31 хүүхэд бүртгүүлснээс 26 нь оролцов. Тэмцээнийг бага буюу 7-10 нас, ахлах буюу 11-16 насны ангиллаар явуулсан бөгөөд Бага насны ангилалд Дэлгэрдалайн Түвшинсайхан, Жаргалсайханы Манлай, Сугархүүгийн Намсрай, Ахлах насныхад Мөнхбаярын Өнөрбаяр, Телемуратын Анар, Даваахүүгийн Анунгоо нар эхний 3 байрыг тус тус эзлэв. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тамирчдад Өргөмжлөл, медаль,  шатар гардуулж, нийт оролцсон хүүхдүүдэд бэлэг өгөв.  
 
 
 
Монгол Улсын Засгийн газрын “Дэлхийн Монголчууд-2” цогц арга хэмжээний хүрээнд зохиогддог “Уран нүүдэл-2025” шатрын тэмцээнийг хамтран зохион байгуулсан “Чех дэх Монгол ээжүүдийн бүлгэм”-ийн үүсгэн байгуулагч Г.Батцэцэг, тэмцээний шүүгчээр ажилласан мэргэжлийн шүүгч Ш.Дэлгэрдалай болон тэмцээнийг монгол гэртээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн “Гэр кэмп”-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн хүүхдүүдээ шатрын спортод дуртай болгож, дэмжиж ажилладаг нийт эцэг, эхчүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ шатрын спортоор хичээллэж буй хүүхэд багачууддаа спортын амжилт хүсье.