ПАРДУБИЦЭ ХОТНОО МОНГОЛ ХЭЛ, ӨВ СОЁЛЫН ТӨВ НЭЭГДЛЭЭ
ЭСЯ-наас 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Пардубицэ хотноо ажиллаж, тус хот, бүс нутагт аж төрж буй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, монгол хэл, өв соёлын “Mon Week School” төвийн нээлтийн ёслолд оролцов.

Элчин сайд Д.Гансүх хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д хийсэн айлчлалынхаа үеэр монгол хэл, соёлын сургуультай болохыг сайшааж, энэ чиглэлээр ажиллахыг ЭСЯ-нд даалгасныг дурдаж, улмаар хилийн чанадад аж төрж буй монгол хүүхдүүдэд эх хэл, өв соёлдоо суралцах, эрхэмлэн дээдлэх боломжийг бүрдүүлэх төр, засгийн бодлогыг дэмжиж, орон нутагтаа монгол хэл, соёлын төвийг санаачлан байгуулж байгаад баяр хүргэж, төвийн үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо дэмжлэг чухал болохыг тэмдэглэв.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Өргөмжит консул Павел Рейхрт, хэлмэрч, орчуулагч Б.Мянганбаяр, Пардубицэ хотын Гадаадын иргэдийн интеграцчиллын төвийн болон монгол иргэдийн төлөөлөл оролцлоо. Мөн үеэр төвийн багш, ажилтнууд үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийж, мэдээлэл хийж, монгол хэл, соёл, түүх, зан заншилтай холбоотой хичээл сургалтын хөтөлбөрөө танилцуулж, хүүхдүүдийг үндэсний бөх, бүжиг, шатрын сургалтад бүртгүүлэхийг урив. Элчин сайд Д.Гансүх “Mon Week School” төвийн хамт олонд Талархал гардуулж, үйл ажиллагаанд зориулж ном, сурах бичиг, монгол үндэсний тоглоом наадгайн дээжээс гардуулж өгөв.

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үр дүн, ач холбогдлын талаар мэдээлж, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ЭСЯ-наас хийж хэрэгжүүлсэн болон төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, нээлттэй ярилцав.
ЭСЯ-наас иргэдэд явуулын консулын үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг сонсч, сонирхсон асуултад хариулав.
Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн хэлмэрч, орчуулагч Б.Мянганбаяр, Гадаадын иргэдийн интеграцчиллын төвийн хамт олон, арга хэмжээнүүдэд оролцсон нийт иргэддээ ЭСЯ-наас дахин талархал илэрхийлье.
