МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 75 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ
ЭСЯ-наас Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.
Элчин сайд Д.Гансүх хүлээн авалтыг нээж, Монгол Улс 1950 онд Чехословак тэргүүтэй Төв болон Зүүн Европын хэд хэдэн улстай дипломат харилцаа тогтоосон нь олон улсад тавцанд өөрийн байр сууриа бэхжүүлэх, тусгаар тогтнолоо бататгахад чухал ач холбогдолтой байсныг дурдаж, улмаар Чех улс Монголын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан бөгөөд 1990-ээд он хүртэлх хугацаанд тус улс нь манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 2 дахь том түнш улс байсан нь үүний тод илрэл болохыг тэмдэглэв. Тэрбээр мөн түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд ахиулж, хамтран ажиллахаар тохиролцож, тунхаглал байгуулсныг онцлов.

Хүндэтгэлийн хүлээн авалтад Чех улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Ян Липавский хүндэт зочноор оролцож үг хэлэв. Тэрбээр дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, Чех, Монгол хоёр улс нь харилцан хүндэтгэл, итгэлцэл, хамтын үнэт зүйлд суурилсан гүн гүнзгий найрамдалт харилцаатай гээд Чех нь Монгол Улсыг Ази Номхон далайн бүс нутаг дахь жинхэнэ бөгөөд чухал түнш гэж үздэг гэв. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал нь Чех улс бол Монголын “гуравдагч хөршүүдийн” дунд хүндтэй байр суурь эзэлдэгийн илрэл гэж онцлон тэмдэглэв. Улмаар манай хоёр улс Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааны хүрсэн түвшин, ололт амжилтыг харуулахын зэрэгцээ хамтын ажиллагааг бүх талаар ялангуяа, улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, инноваци, байгаль орчныг хамгаалах, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөөх бидний хүч чармайлтыг нотолж буй хэрэг юм гэлээ.

Бүгд Найрамдах Чех Улсын Армийн үлээвэр найрал хөгжмийн чуулгын хөгжимчид хүлээн авалтад хүрэлцэн ирж, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэв. Мөн СТА, морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй морин хуурчид "Түмэн агтны төвөргөөн" бүтээлүүдийг хуурдаж, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд сонирхуулав.

Хүлээн авалтад Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех - Монголын Парламентын бүлгийн дарга Станислав Берковец, төр захиргааны байгууллагын төлөөлөл, Чех улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, бизнес, аялал жуулчлал, үйлдвэр компани, тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл, иргэдийн иргэд гээд 400 орчим зочин төлөөлөгч оролцлоо. Манай хоёр улсын хооронд 1950 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон билээ.
Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд эрдэм мэдлэг, хичээл зүтгэл гаргаж хувь нэмрээ оруулсан, оруулж буй монгол, чех анд нөхдөд баярын мэнд дэвшүүлье. Мөн цаг зав гарган хүрэлцэн ирж, энэхүү түүхэн ойг хамтдаа тэмдэглэсэн монгол, чех анд нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа зуун зууныг өртөөлөн өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

