АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийг ойг тохиолдуулан ЭСЯ-наас Чех, Словак улсуудад аж төрж буй иргэдийн хамт ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулан анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдол, сургамжийн талаар танилцуулга хийж, Үндсэн хуулийн тухай цахим хичээлийг үзүүлэв.
Элчин сайд Д.Гансүх хэлсэн үгэндээ, хорьдугаар зууны эхэн үеийн ороо бусгаа цаг үед улс орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэн сургамжийг санаж байх учиртайг дурдаж, Үндсэн хууль нь улс орон, ард түмний язгуур эрх ашиг, нийтлэг хүсэл зориг, нэгдмэл үзэл санааны цогц илэрхийлэл болохын учир түүнийг чанд мөрдөж явахын чухлыг тэмдэглэв.
Үйл ажиллагааны үеэр Элчин сайд Д.Гансүх иргэн О.Даваажавт “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одон, “Хос багана” ТББ-ын тэргүүн Т.Мөнх-Эрдэнэд МЗХ-ны “Тэргүүний залуу” цол, тэмдгийг гардуулан өгч, баяр хүргэв. Мөн Засгийн газрын “Дэлхийн Монголчууд-II” хөтөлбөрийн хүрээнд Мост дахь “Гэрэлт Ирээдүй” сургалт, хөгжлийн төвийн сурагч хүүхэд багачуудад зориулсан номын буланд зориулж монгол ардын үлгэрүүд, үелж унших ном, үлгэр, монгол хэлний бичих дасгал, монгол ахуй, үндэсний дээл хувцас, монгол гэр, жил улирлын тухай сургалтын материал, танин мэдэхүйн нийт 78 ном, сурах бичгийг ЭСЯ-наас хандивлаж байгааг тус төвийн багш Г.Оюунжаргал, Р.Жаргалмаа нарт гардуулан өгөв.
Арга хэмжээнд Чех дэх Монголчуудын байгуулсан язгуур урлагийн “Гэрэгэ” хамтлагийн уран бүтээлчид уран бүтээлээсээ толилуулсан бол “Ивээлт” морин хуурын сургалтын төвийн сурагч хүүхэд, багачууд "Үүлэнбор" болон "Халх жонон" бүтээлүүдийг хуурдаж, сонирхуулав.
ЭСЯ-наас ёслолын хүлээн авалтыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Prague International Hotel”-д зохион байгуулж, оролцогчдод 2024 онд иргэд, олон нийтэд зориулан зохион байгуулсан, хамтран ажилласан үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2025 онд хийх ажлын талаар мэдээлэл хийв. Тус арга хэмжээнд манай 150 орчим иргэн оролцлоо.
Цаг зав гарган хүрэлцэн ирж, Үндсэн хуулийнхаа түүхт 100 жилийн ойг хамтдаа тэмдэглэсэн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил үйлсэд нь амжилт хүсье.