images

МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ПРАГА ХОТНОО БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2024-11-18

22

Бүгд Найрамдах Чех Улсын Карлын Их сургуулийн Ази судлалын хүрээлэнгээс “Mongolian language in Contact II” буюу монгол хэлний бусад хэлтэй холбогдсон харилцаанаас үүдэлтэй хувьслын талаарх хэл шинжлэлийн олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь Бага хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Прага хотноо зохион байгууллаа.
 
Элчин сайд Д.Гансүх Бага хурлын нээлтэд оролцож, Монгол Улсын төр, засгийн зүгээс хилийн чанад дахь монгол судлалыг судлалыг хөгжүүлэхэд анхаарч, хэл, түүх, соёл, өвийг судлах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгааг тэмдэглэж, Монгол хэл шинжлэлийн олон улсын Бага хурал нь дээрх зорилтыг хангахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ялангуяа, монголчууд 2025 оноос эхлэн үндэсний монгол бичгээр төрийн албан хэргийг хослуулан хөтлөх бэлтгэл ажил хийгдэж байгаа энэ цаг үед үгийн язгуур, гарал үүслийг ихээхэн чухалчилдаг монгол хэлний хувьд энэ хурал чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн Их эзэн Чингис Хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргасныг дуулгаж, монгол судлалыг дэлгэрүүлэх, түүнийг олон улсад таниулан сурталчлахад монгол судлаач, эрдэмтдийн хөдөлмөр зүтгэл, судалгаа, зохиол бүтээлүүд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг сайшаав.
 
Бага хуралд Монгол, Чех, АНУ, Франц, Унгар, Финланд, Хятад, Герман, Итали, Польшийн их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцож, 20 илтгэл тавьж хэлэлцүүлэв. ЭСЯ-наас хурлын үйл ажиллагааг дэмжиж оролцдог бөгөөд КИС-ийн Ази судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний “Mongolica Pragensia” сэтгүүлийн сүүлчийн дугаарыг хэвлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.