images

Элчин сайд Д.Гансүх Чех улсад ажиллаж буй монгол иргэдийг тухайн үйлдвэр, компанид хариуцан ажилладаг орчуулагч, хүний нөөц хариуцсан ажилтнуудын төлөөллтэй уулзав

Үйл явдлын мэдээ

2022-01-10

255

Элчин сайд Д.Гансүх энэ сарын 18-нд Чех улсад ажиллаж буй монгол иргэдийг тухайн үйлдвэр, компанид хариуцан ажилладаг орчуулагч, хүний нөөц хариуцсан ажилтнуудын төлөөллийг Элчин сайдын яаманд урьж уулзаж, иргэдийн аж байдал, ажлын нөхцөл, чехийн талаас олгож буй боломж, дэмжлэг түүнийг хэрхэн дүүрэн ашиглаж болох талаар мэдээлэл сонсч, иргэдэд тулгардаг гол гол бэрхшээлийг шийдвэрлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах бололцооны талаар ярилцав. Элчин сайд Монгол, Чехийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Засгийн газраас хилийн чанадад аж төрж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, дэмжих талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, Засгийн газар 2022 онд гадаадад буй иргэдээ И-Монгол цахим хөтөлбөрт бүрэн хамруулах зорилт, “Монгол Үндэстний үнэлэмж”, “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эх орноо сурталчлан таниулахад идэвх санаачилгатай оролцохыг уриалав. Мөн Монгол, Чехийн Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинээр байгуулагдсан Чехийн Парламентаар соёрхон батлуулахаар ажиллаж байгааг мэдээлэв. Эдүгээ Чех улсад манай 11000 гаруй иргэн ажиллаж, сурч, аж төрж байна. Монголчууд маань хариуцсан ажлаа сэтгэл гаргаж, нягт нямбай гүйцэтгэдэг тухай урмын үгийг сонсоход магнай тэнэгэр байдаг. “ХҮН НЭРЭЭ, ТОГОС ӨДӨӨ” гэх сайхан сургаалийг ямагт санаж яваа гэдэгт итгэнэм. ПРАГА ДАХЬ ЭСЯ. 2022-01-19