images

Элчин сайд Д.Гансүх эрдэмтэн, доктор В.Капишовскаг хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2021-11-13

216

Элчин сайд Д.Гансүх 12 дугаар сарын 7-ны өдөр Чехийн Карлын Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн багш, монголч эрдэмтэн, доктор В.Капишовскаг ЭСЯ-нд урьж уулзаж, Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Элчин сайд Монгол Улсын төр, засгаас монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгааг тэмдэглэж, Тэнхимийн зүгээс 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл авч, санал солилцов.

Монгол судлалын тэнхимийнхэн юуны өмнө “Mongolica Pragensia” эрдэм шинжилгээний сэтгүүлийг хэвлэх, олон улсын хурал зохион байгуулах, Монголын түүхийн тодорхой үед хамаарах гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдээлж, зарим дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсэв.

Карлын Их сургуулийн Монгол судлалын тэнхим нь Монголын түүх, төрт ёс, шашин, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийхээс гадна монгол хэл, монгол судлалын оюутан бэлтгэж байна. Одоогоор тус тэнхим нь 4 багш, бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй 20-иод оюутантай. Тэдний 5 нь монгол судлалаар докторын зэрэг хамгаалж байгаа аж. “Mongolica Pragensia” нэртэй эрдэм шинжилгээний сэтгүүл нь Азиас бусад тивийн хэмжээнд монгол судлалыг голлосон англи хэлээр хэвлэгддэг цорын ганц эрдэм шинжилгээний сэтгүүл бөгөөд 2016 онд Европын хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлийн бүртгэлд бүртгэгдсэн байна.