Иргэдийн анхааралд
1. Чех Улсад онц байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан Чехийн Гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн газрын удирдлагатай богино хугацааны жуулчны визээр ирсэн, нутаг буцах боломжгүй байгаа иргэдийн асуудлаар уулзав. Чехийн тал богино хугацааны жуулчны виз нь 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дуусч буй манай иргэдийн виз нь онц байдал дуусах хүртэл автоматаар сунгагдаж буйг мэдээлэв. Иймээс иргэд Та бүхэн онц байдал дууссаны дараа харьяа гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн газарт (Cizinecka policie) очно уу. Энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл тухай бүрт нь өгөх болно.
2. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хуралдаж, 3 дугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хугацаанд орон даяар хөл хөдөлгөөн хориглох (karanténa) шийдвэр гаргав. Хөл хөдөлгөөн хориглосон үед Та зөвхөн дараах ажлаар гадуур явах боломжтой. Үүнд:
• Ажилдаа явах
• Хүнс, эм, гоо сайханы бараа авахаар дэлгүүр явах
• Зайлшгүй шаардлагаар гэр бүл, ойр дотны хүнээ эргэхээр очих
• Шатахуун авах
• Зайлшгүй шаардлагатай нөхцөлд эмнэлэг, банк, шуудан орох
• Агаар салхинд гарах
Бүгд Найрамдах Чех Улсад 3 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагийн байдлаар COVID-19-ийн нийт 344 тохиолдол Прага болон Чехийн бүх мужид бүртгэгдэж, 3 хүн (Усти над Лабэм хотын эмнэлэг) эдгэрсэн байна. Прага хотын захиргаанаас 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нийтийн тээвэрт зөвхөн маск, амны хаалттай үйлчлэхээр болсон байна.