images

“FUTABA CZECH” КОМПАНИ 20 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭВ

Үйл явдлын мэдээ

2024-09-23

115

Элчин сайд Д.Гансүх 2024 оны 9 дүгээр сарын 21-нд Хавличкув Брод хот дахь “Futaba Czech” компани үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцов. Япон улсын хөрөнгө оруулалттай автомашины эд анги үйлдвэрлэгч тус компанийн 1,300-аад ажилтны 300 гаруй нь монголчууд юм.
 
Элчин сайд арга хэмжээний үеэр Чехийн Сенатын танхимын гишүүн Ян Тецл, Хавличкув Брод хотын дарга Збинек Стейскал, “Futaba Czech” компанийн Ерөнхийлөгч Шинжи Чарлье Иноуи, мөн компанийн Ерөнхий менежер Петр Харват нар болон монгол иргэдтэйгээ уулзаж ярилцав. Компанийн удирдлагын зүгээс ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч ажилладгаа онцолж, монгол ажилтнуудыг идэвх зүтгэлтэй, шударга гэж үнэлж байв. Мөн хотын удирдлагууд манай иргэдийг орон нутагтаа дасан зохицож, олон нийтийн дунд нэр хүнтэй аж төрж байгааг тэмдэглэж байв.    
 
 
Элчин сайд үйлдвэрийн 20 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, манай иргэдийг ажиллах, аж төрөх нөхцөл байдлаар ханган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
 
Үйлдвэрийн ойг тохиолдуулан Хавличкув Брод хотод урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан бөгөөд тус компанийн монгол ажилтнууд “Монгол Улсад тавтай морилно уу” сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулж, монгол ахуй, уламжлал соёл, монгол уран зураг, каллиграф бичиг, үндэсний идээ зоог, монгол гэр, шагайн харвааг сурталчлан танилцуулсны зэрэгцээ монгол залуусын байгуулсан язгуур урлагийн “Гэрэгэ” хамтлаг Хавличкув Брод хотын төв талбайд өөрсдийн уран бүтээлээс толилуулав.