images

УЛААНБААТАР-ПРАГА-УЛААНБААТАРЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2024-07-16

236

Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлийн анхны хуваарьт шууд нислэгийг хүлээн авах ёслол 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Вацлав Хавел олон улсын нисэх онгоцны буудалд боллоо. Ёслолын ажиллагаанд Элчин сайд Д.Гансүх, “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэр, Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Я.Вытопил, Вацлав Хавел олон улсын нисэх онгоцны буудлын Гүйцэтгэх захирал И.Пос зэрэг албаны хүмүүс оролцов.  
 
 
Элчин сайд Д.Гансүх энэхүү шууд нислэг нь дипломат харилцааны 75 жилийн ойн босгон дээр Монгол, Чех улсуудын хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээж байгааг онцолж, манай улсын “гуравдагч хөрш” Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай шууд холбогдох гүүр болох энэхүү шууд нислэг нь Европ руу зорчих манай улсын гурав дахь гарц болж байгааг тэмдэглэв. Мөн тэрбээр шууд нислэг нь зөвхөн эх орондоо зорчиж буй манай иргэдэд бус Монголыг зорьж буй Европын улсуудын иргэд визгүй зорчихоос гадна ийнхүү шууд нисэх болсон нь нэн таатай нөхцөл болж байгааг онцоллоо.
 
Элчин сайд нисэх багийнханд баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ шууд нислэгээр эх орондоо зорчиж буй иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонсов. Иргэдийн зүгээс цаг хугацаа, мөнгө хэмнэсэн аятай тухтай нислэгээр зорчиж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Анхны нислэгээр Чех улсад оршин суугаа манай улсын иргэдээс гадна Австри, Их Британи, Франц зэрэг улсаас дамжин нисч буй буй иргэд цөөнгүй байв. Улаанбаатар - Прага чиглэлийн анхны нислэгээр 81 зорчигч хүрэлцэн ирсэн бол Прага хотоос 153 зорчигч эх орондоо зорилоо.
 
Агаарын харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Изинис Эйрвэйз” ХХК 7 хоногийн Лхагва, Бямба гарагуудад шууд нислэг үйлдэх бөгөөд Чех, Словак улсад суугаа иргэдийнхээ нэрийн өмнөөс шууд нислэгийг үйлдэж буй “Изинис Эйрвэйз” ХХК-ийн цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
 
Туулах тэнгэр нь цэлмэг, тухлах зорчигч нь амгалан, аян зам нь өлзийтэй байхыг хүсэн ерөөе.