images

ПРАГА ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Үйл явдлын мэдээ

2024-06-10

202

Прага хотын VI дүүргээс Чех улсад суугаа дипломат корпусын дунд зохион байгуулдаг уламжлалт "Festival of Embassies” өдөрлөг 2024 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Бямба гарагт боллоо.
 
Үндэсний урлаг, соёл, хоолны сурталчилгааны энэхүү арга хэмжээнд тус ЭСЯ Чех улсад аж төрж буй монгол иргэд, аж ахуйн нэгж, уран бүтээлчидтэй хамтран оролцож, Засгийн газрын “Монгол үндэстний үнэлэмж” цогц арга хэмжээний хүрээнд улс орноо сурталчиллаа. 
 
ЭСЯ-ны асарт “Amazing Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “MONGOLIA.ALWAYS.MOVING” болон “WELCOME TO MONGOLIA” контентуудыг толилуулан Монголд зочлох жилийг сурталчиллаа.
 
 
Өдөрлөгийн урлаг, соёлын нэгдсэн хөтөлбөрт “Go Mongolia” уриан дор оролцож, Мост хотын “Ивээлт” морин хуур сургалтын төвийн багш, сурагчид “Манай говиор зочлоорой” магтаал, “Халх жонон” морин хуурын татлага аяыг хуурдаж, бүжигчин Х.Отгонжаргал “Монгол бүсгүй” ардын бүжиг бүжиглэж сонирхуулав.  
 
 
Чехэд аж төрдөг зураач, эсгий эдлэл, үндэсний гоёл чимэглэл, дээл хувцас урлаач иргэд бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаа хийв. 
 
Энэхүү өдөрлөгт ЭСЯ-тай хамтран оролцож, үндэсний хоолны үйлчилгээ үзүүлсэн аялал, жуулчлалын “Гэр кэмп” компани, UB Restaurace явуулын хоолны газрын хамт олон, хамтран ажилласан уран бүтээлч болон иргэд хувь хүмүүст талархал илэрхийлье. Мөн тус улсад аж төрдөг манай иргэд амралтын энэ өдөр өдөрлөгийг сонирхож, Монголынхоо асраар олноороо зочилсон нь таатай байв.      
 
 
ЭСЯ-дын үндэсний урлаг, соёл, хоолны өдөрлөг нь Чех улсын Парламентын дээд, доод танхим болон ГХЯ-ны ивээл дор зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн өдөрлөгт 55 орны ЭСЯ, Чехийн аж ахуйн нэгжүүд оролцсон бөгөөд 20 орчим мянган хүн ирж сонирхсон гэж зохион байгуулагчид мэдээлэв.