ПРАГА ХОТНОО ЕВРОП ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕС ФОРУМ БОЛЛОО
Европ дахь монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн Холбооны 12 дахь удаагийн Бизнес форум “Эмэгтэйчүүд үйлдвэрлэлд: Жижиг, дунд бизнес эрхлэлт” сэдвийн дор 2024 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Прага хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Форумд оролцогчдод цахимаар мэндчилгээ дэвшүүлж, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, адил тэгш боломжийг олгох үйлсийн төлөө эвлэлдэн нэгдэж, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр Монгол эх орондоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй тус Холбоонд талархал илэрхийлж, үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.
Энэ удаагийн Бизнес форумд Монголоос гадна Европын 16 улсад аж төрж буй 150 гаруй бизнес эрхлэгчид оролцож, өөрсдийн эрхэлж буй салбарын туршлага, бизнесийн хөгжлийн болон боломжуудын талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Элчин сайд Д.Гансүх Форумын нээлт дээр хэлсэн үгэндээ тус Холбооны үйл ажиллагаа нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хэлхээ холбоог өргөжүүлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханд чиглэж, хувь нэмрээ оруулж буйг тэмдэглэв.
Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн Холбоо нь жил бүр “Оны шилдэг” эмэгтэйг шалгаруулдаг бөгөөд энэ жил оюутан, соёл урлаг, хүмүүнлэг, боловсрол, бизнесийн салбаруудаар оны шилдгүүдээ шалгаруулав. Чех улсаас оролцсон нэр дэвшигчдээс шилдэг оюутан номинацид Н.Болор, хүмүүнлэгийн номинацид Т.Мөнгөнцэцэг, боловсрол номинацид Ж.Цолмон нар шалгарч “Оны шилдэг эмэгтэй-2024” өргөмжлөл хүртлээ.
Энэ удаагийн Форумд уригдаж оролцсон Наро Банчэн Гэгээнтэн ЭСЯ-нд зочилох үерээ форумд оролцогчидтой сэтгэлийн ариусал, стресс бэрхшээлийг даван туулах тухай сэдвээр ярилцав.