МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРЫН БЭЛГИЙГ ГАРДУУЛАВ
Элчин сайд Д.Гансүх Монгол Улс, Чех улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, 80-аас дээш настай Монгол, Чех улсын зарим иргэнийг ЭСЯ-нд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг гардуулав. Тэрээр 97 настай Чех улсын иргэн Моёмир Краутер, 81 настай Иржий Шима, 80 настай М.Бадамгарав нарын настан, буурлуудтай уулзаж, Монгол Улсын төр, засгийн зүгээс тэдний үйл хэргийг үргэлж санан дурсаж, үнэлж байдгийг уламжилж, талархал илэрхийлэв.
- Инженер Моёмир Краутер нь тухай үеийн Чехословакын геологийн хайгуул, судалгааны багийг ахалж, манай улсад 3 удаагийн хайгуул, судалгаа хийхдээ Эрдэнэтийн зэс-молибдений орд, Чулуут цагааны жоншны ордыг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1984-1989 онд Монгол-Чех Металл хамтын үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. Анх манай оронд 1962 оны 9 дүгээр сард зочилж байжээ.
- Доктор Ийржи Шима 1964 онд МУИС-ийг төгссөн Чехословакийн анхны оюутан болсноосоо хойш манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа шинжлэх ухаан, дипломат харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаач юм. Тэрээр Монгол-Чех, Чех-Монгол хэлний толь бичиг, ярианы дэвтрийг бэлтгэн хэвлүүлсэн бөгөөд 1990 онд “Монголын Анд нөхдийн нийгэмлэг”-ийг санаачлан байгуулсны зэрэгцээ “Азийн бяцхан музей”-г ажиллуулж байна. Доктор Й.Шима гуайн хувьд, 1962 оны 8 дугаар сард анх Монголд хөл тавьж байжээ.
- Өндөр настан М.Бадамгарав нь Карлын Их сургуулийн Монгол судлалын төвийн багш агсан, профессор Ж.Лувсандоржийн гэргий бөгөөд 1987 оноос хойш Чех улсад аж төрж байна. Ж.Лувсандорж нь Карлын Их сургуульд монгол хэл, бичиг заахын зэрэгцээ Монголын нууц товчооны талаар дорвитой судалгаа хийж, Монголын нууц товчоог хэл зүй, соёлын тайлбартайгаар хэвлүүлсэн нь дотоод, гадаадын судлаачдын анхаарлыг татаж, Монголын нууц товчооны үгсийг зөв унших, утгыг үнэнээр танихад чухал хувь нэмэр оруулсан бүтээл болсон хэмээн дүгнэгддэг .
Тэдний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг хүлээн авсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан он жилүүдээ дурсаж, өөрсдийн үүх түүхээсээ хуваалцав.