images

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Үйл явдлын мэдээ

2024-05-08

671

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрт хамгийн ойр байрлах Дипломат төлөөлөгчийн газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон бүртгүүлэх шаардлагатай.
 
  • Цахим хуудсаар бүртгүүлэх:
Иргэн https://election.burtgel.gov.mn/request цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр бүртгүүлнэ. Ингэхдээ тус цахим хуудасны бүртгүүлэх гэсэн сонголтыг сонгож, мэдээлэл оруулах хэсгүүдэд өөрийн хувийн мэдээллийг кириллээр оруулах бөгөөд Таны оруулсан мэдээлэл маягтад шууд бичигдэнэ. Үүний дараа иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбарыг татаж оруулснаар Таны хүсэлт илгээгдэнэ.
 
  • Цахим шуудангаар бүртгүүлэх:
Иргэн https://election.burtgel.gov.mn/request цахим хуудасны “маягт татах” сонголтыг сонгож, бүртгүүлэх маягтыг татан авч, маягтыг бөглөнө. Бөглөсөн маягтыг иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-ны [email protected] цахим шууданд илгээнэ. Ингэхдээ холбоо барих утасны дугаарыг заавал бичихийг анхаарна уу.
 
  • Биечлэн бүртгүүлэх:
Иргэн ЭСЯ-нд иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорттайгаа ирж, маягт бөглөж бүртгүүлнэ.
 
Санал өгөх хүсэлтээ гаргасны дараа тухайн иргэний бүртгэл, мэдээллийг УБЕГ, Салбар комиссоос нягталж, шалгаж баталгаажуулснаар хүсэлт гаргасан иргэн сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэнэ. Иргэн санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https:election.burtgel.gov.mn/request цахим хуудасны “шалгах” сонголтоор шалгах боломжтой.
 
Нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-нд /Хаяг: Na Marně 608/5, 160 00 Praha 6/ байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.
 
Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.
 
МОНГОЛ УЛСААС ЧЕХ УЛСЫН ПРАГА ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС