images

МОНГОЛ, ЧЕХИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН КОНСУЛЫН ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2024-03-20

299

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын ГХЯ-д хоорондын Консулын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Прага хотноо боллоо. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, чехийн талаас ГХЯ-ны Эрх зүй, консулын асуудал хариуцсан Тэргүүн захирал Мартин Смолек нар тэргүүлж оролцов.
 
Уулзалтын эхэнд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан мэдээлэл өгсөн бөгөөд ирэх 2025 онд Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, ялангуяа Монгол Улсын иргэдэд шенгений богино хугацааны виз олголтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх ангиллын виз болон хөдөлмөр эрхэлж буй иргэдийн гэр бүлийн гишүүдийн виз олгох хугацааг түргэсгэхэд анхаарал хандуулахыг хүсэлт болгов.
 
Түүнчлэн “Мэргэшсэн ажилтны хөтөлбөр”-ийн хүрээнд Чех улсад хөдөлмөр эрхлэх Монгол Улсын иргэдэд Чех улсад ирэхээс нь өмнө сургалт, зөвлөгөө өгөх болон хоёр улсын хооронд байгуулах баримт бичгийн асуудлаар санал солилцлоо.
 
Чехийн талаас виз олголтыг нэмэгдүүлэх, шийдвэрлэх хугацааг багасгах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авахаа илэрхийлж, энэ хүрээнд Улаанбаатар дахь ЭСЯ-ныхаа Консулын хэлтсийн орон тоог нэмэгдүүлж байгаагаа мэдээлэв. Үүний зэрэгцээ Чех улсад хөдөлмөр эрхлэх Монгол Улсын иргэдэд сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.