images

Чех улсад “Монгол хоолны өдөрлөг” зохион байгуулав

Үйл явдлын мэдээ

2024-02-05

235

Монгол үндэсний зоог, идээ ундааг таниулан сурталчлах, мөн  Европ хоолны соёлтой танилцах ажлаар Чех улсад аялж яваа Монголын тогооч нарын холбооны Ерөнхийлөгч Д.Буяндэлгэр тэргүүтэй Монголын мастер тогоочид 2024 оны 2 дугаар сарын 1-нд ЭСЯ-нд зочлов. Төлөөлөгчид танилцах аяллынхаа зорилго, хэтийн төлөвийн талаар ярьж, энэ удаа Чех улсад Монгол хоолны өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлэв. Монголд зочлох жилийн хүрээнд 2024-2025 онд чехүүдийг Монголд олноороо аялахад монгол үндэсний хоолны сурталчилгаа чухал түлхэц болно хэмээн Элчин сайд Д.Гансүх сайшаан тэмдэглэв. Монголын тогооч нарын холбооны мастер тогооч нар 2014 онд Чех улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байсан бөгөөд Тржебон хот дахь Азийн соёлын төвтэй хамтран ажиллаж байна.
 
Элчин сайд Д.Гансүх 2024 оны 2 дугаар сарын 2-нд Тржебон хотод ажиллаж, Азийн соёлын төвд зочилж, тус төвийг үүсгэн байгуулагч доктор Милан Клечкотай уулзав. Мөн тус хот дахь Буддын шашны зургийн галларейг үзэж сонирхов. 2013 онд нээгдсэн энэхүү галларей нь Чехийн Үндэсний музейн харьяа Напрстекийн музейд харьяалагддаг. Даавуу болон цаасан дээр урласан бурхдын хөрөг зэрэг Монголын шашны уламжлалт дүрслэх урлагийн бүтээлүүдтэй тус галларейд 140 орчим бүтээлүүд хадгалагдаж байна. Галларейг жилд дунджаар 5,000 гаруй хүн үзэж сонирхдог аж. Азийн соёлын төв нь Гандантэгчэнлин хийдтэй хамтран сургалт, арга хэмжээ зохион байгуулж иржээ.
 
 
Мөн өдөр Азийн соёлын төвөөс Монголын тогооч нарын холбооны мастер тогооч нартай хамтран Тржебон хотод Монгол хоолны өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгт Тржебон хотын удирдлага, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, Напрсткийн музейн төлөөлөл болон хотын иргэд оролцов. Зочдыг Монголын мастер тогоочдын бэлтгэсэн Монгол үндэсний зоогоор дайлж, сонирхуулав.
 
Элчин сайд Д.Гансүх “Монгол хоолны өдөрлөг-ийн үеэр Тржебон хотын удирдлага, тус хотын Аялал жуулчлалын төвийн дарга, Напрстекийн музейн судлаач, доктор Хелена Херолдова нарын хүмүүстэй уулзаж ярилцсаны зэрэгцээ Өмнөд Чехийн телевизэд Монгол-Чехийн соёлын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлага өгөв. Др. Х.Херолдова өнгөрсөн онд Чехийн Үндэсний музейн харьяа Напрстекийн музей болон бусад музей, цуглуулагчдад байгаа хорьдугаар зууны хоёрдугаар хагаст Монголоос авчирсан, Монголтой холбоотой үзмэрийн тайлбар, гарал үүслийг тайлбарласан номыг эмхэтгэн гаргаснаа мэдээлэв.
 
Өмнөд Чех мужийн Тржебон хот нь нуур, цөөрөм, рашаан сувилал, шавар эмчилгээгээрээ Чехдээ алдартай газар юм. Тухайлбал, дотоодын аялагчдын тоо жилд 220 орчим мянга байдаг аж.