images

СЛОВАК УЛСЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2024-02-27

227

Бүгд Найрамдах Словак Улсын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн дарга Петер Пеллегрини 2024 оны 2 дугаар сарын 21-нд Элчин сайд Д.Гансүхийг Братислав хотноо хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
 
Тэрбээр улсынхаа Шадар сайдаар ажиллаж байх үедээ 2017 онд манай улсад хийсэн айлчлалын тухай дурдаж, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, хөдөө аж ахуй, ойжуулалтын чиглэлээр хөгжүүлэх бүрэн боломж байгааг онцлов. Түүнчлэн соёл, боловсролын солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь иргэд хоорондын харилцан ойлголцлыг бий болгоход чухал гээд словакийн иргэд, жуулчдыг Монгол оронд зочлохыг уриалахаа илэрхийлэв.
 
Элчин сайд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнесийнхний хэлхээ холбоог бэхжүүлэхэд түүний айлчлал чухал түлхэц болсныг тэмдэглэж, улмаар Словак-Монголын Худалдааны танхим байгуулагдсаныг онцлов. Мөн талууд эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарч байгааг тэмдэглэв.  
 
 
Уулзалтад оролцсон Словак-Монголын худалдааны танхимын Ерөнхийлөгч Й.Чарногурский Монголд хэрэгжүүлэхээр зэхэж буй төслүүдийн явц, санхүүжилтийн талаар танилцууллаа.