images

ЭЛЧИН САЙД СЛОВАК УЛСАД АЖИЛЛАВ

Үйл явдлын мэдээ

2024-02-15

326

Элчин сайд Д.Гансүх 2024 оны 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Словак улсад ажиллахдаа тус улсын Ерөнхийлөгч З.Чапутова шинэ оныг тохиолдуулан Элчин сайд нартай хийсэн уулзалтад оролцож, Гадаад болон Европын асуудал эрхэлсэн яам, Эдийн засгийн яам болон Словак-Монголын Худалдааны танхимын Ерөнхийлөгч тэргүүтэй бизнес эрхлэгчидтэй уулзав.
 
 
Элчин сайд Словакийн Гадаад болон Европын асуудал эрхэлсэн яамны Ази-Номхон далайн орнуудын газрын захирал П.Спишиактай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол, Словак хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах, Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг хийх зэрэг асуудлаар санал солилцож, ярилцав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 8 дугаар сард зохион байгуулагдах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Словак улсын цаначин П.Влховаг урьж байгааг мэдээлэхийн зэрэгцээ “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын талаар мэдээлэл өгч, словакийн төлөөлөгчдийг оролцохыг урив. Ноён П.Спишиак Монгол, Словакийн хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэн ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хоёр талт уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 
 
Эдийн засгийн яамны Гадаад худалдааны бодлого болон Европын хэргийн асуудал эрхэлсэн захирал А.Крайчикова уулзалтын үеэр хоёр талын худалдаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бололцоо бүрэн байгааг тэмдэглэв. Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Словакийн яамд хоорондын хэлэлцээрийг илүү бодитой хэрэгжүүлэх,  Хамтарсан хорооны хуралдааныг зохион байгуулах тухай санал нэгдэв.