images

ЭСЯ-НААС СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2023-12-04

417

ЭСЯ-наас 2023 оны 12 дугаар сарын 2-ны Бямба гарагт Пардубицэ хот дахь Гадаадын иргэдийн интеграцчлалын төвтэй хамтран стрессийг даван туулах, орчиндоо дасан зохицох тухай сургалт, сайн дураар нутаг буцах хөтөлбөрийн тухай арга хэмжээнүүдийг зохион байгуулав.  
 
Стрессийг даван туулах, орчиндоо дасан зохицох тухай сургалтын хүрээнд “Сэтгэл гутрал: Түүний хэв шинжүүд, хэрхэн зөв даван туулах вэ?” “Хос багана” ТББ-ын тэргүүн, сургагч Т. Мөнх-Эрдэнэ, “Стресст автахаас өмнө түүнийг дарж авах тухай” сэдвээр сургагч Д.Одонтөгс нартай хамтран явуулав. Сургагчид гадаадын улс орнуудад сурч, ажиллаж байхдаа өөрсдөд тохиолдож байсан сорилт, бэрхшээлүүд, тэдгээрээс үүдэн бий болдог стресс, түүнийг хэрхэн даван туулсан тухайгаа жишээгээр тайлбарлан ярив. Мөн стрессийг даван гарахад олон жил зарцуулж байснаа ярьж, бусад хүмүүс нөхцөл байдлыг эрт ойлгосноор  богино хугацаанд сэтгэл гутрал, сэтгэлийн хямралаа хэрхэн зөв шийдэх боломжтой болох талаар зөвлөж, оролцсон хүмүүсийн асуултад хариулж, харилцан ярилцаж, зөвлөгөө өгөв. Чех улсад манай 12500 гаруй иргэн ажиллаж амьдарч байгаа бөгөөд ажил, амьдралын янз бүрийн шалтгаанаас болж сэтгэл гутралд орох тохиолдлууд иргэдийн дунд байдаг бөгөөд үүнтэй холбоотой мэдээлэл, сургалт, зөвлөгөөг хүртээмжтэй болгохыг ЭСЯ-наас зорьж ажиллаж байна.  
 
Чехийн Дотоод хэргийн яам, Гадаадын иргэдийн интеграцчлалын төвийн хөтөлбөр хариуцсан ажилтнууд сайн дурын үндсэн дээр нутаг буцах хөтөлбөрийн тухай мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулав. Нутаг буцах хөтөлбөрт сайн дураар хамрагдсан иргэд буцах замын зардал, бусад санхүүгийн дэмжлэг авахаас гадна холбогдох хууль ёсны бичиг баримттай болох, хориг тавигдсан хугацаа дуусмагц Чех улсад төдийгүй ЕХ-ны аль нэг улсад дахин зорчих, ажиллах, аялах боломж нээлттэй болдог. Мөн тухайн хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй байнгын холбоотой байж, тэднийг нутагтаа очоод ажиллах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжуудыг бүрдүүлэх үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг зэрэг давуу талууд байдгийг мэдээлэв.
 
Мөн ЭСЯ-наас явуулын консулын үйлчилгээ үзүүлж, бичиг баримт захиалах, цахим нотариатын үйлчилгээ авах, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн дагуу тэтгэврээ тогтоолгох зэрэг асуудлаар иргэдийн тавьсан асуултад хариулж, зөвлөгөө өгөв.
 
Иргэдийн сайн сайхан, тайван аж байдлын төлөөх сургалт арга хэмжээг зохион байгуулахад байр, ложистикээр хангаж дэмжин ажилласан Чех улсын ДХЯ, Пардубицэ хотын Гадаадын иргэдийн интеграцчлалын төв, Фоксконн үйлдвэрийн захиргаа, тус үйлдвэрийн зөвлөх, шүүхийн тамгатай орчуулагч Б.Мянганбаяр зэрэг байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.