images

ЭСЯ МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2023-11-15

372

Их эзэн Чингис Хааны мэндэлсэн өвлийн Тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЭСЯ-нд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
 
 
Элчин сайд Д.Гансүх ирсэн зочдод талархал илэрхийлж, Чингис Хааны өв сэдвээр мэдээлэл танилцуулга хийсний зэрэгцээ эх түүх, Их Хааныхаа суу алдраар бахархаад зогсохгүй цаашид түүний билиг сургаалыг ашид санан, үндэсний соёл, уламжлал, хэл бичгээ ямагт эрхэмлэн дээдэлж, өвлүүлэн уламжилж явах үүрэгтээ хичээж явахыг иргэддээ уриалав. ЭСЯ-наас үндэсний өв соёлын холбогдолтой номын булан нээж сонирхуулав.   
 
Өдөрлөгийн хөтөлбөрт Монгол үндэсний дуу, бүжиг, шагайн наадгай, уран бичлэгийн үзүүлбэрүүдийг багтааж, ирсэн зочдод монгол идээ, зоогийн талаар танилцуулж, сурталчиллаа.
 
Морин хуурч, СТА Б.Нандинболор хуурын аялгуу эгшиглүүлж, бөх цоллооч, СТА Р.Банзар “Эрдэнэ Засгийн унага” ардын дуу дуулж, Галшарын магтаал-аар ерөөл тавив. Бүжигчин Х.Отгонжаргал морин хуур, шанз хөгжмийн аялгуутай хослуулан монгол ардын бүжиг бүжиглэв.
 
 
 
 
Монголын Шагайн харвааны холбооны Чех улс дахь салбар зөвлөлийнхөн ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэлтэй Монгол үндэсний наадгай шагайн харвааны талаар танилцуулж, тоглолт үзүүлж, арга хэмжээнд ирсэн зочдод сонирхуулав.
 
 
 
Чехийн калиграфч Ф.Карахович Монгол уран бичлэгийн үзүүлбэр үзүүлж, өөрийн бичсэн уран бичлэгээс ЭСЯ-ны Хүндэтгэлийн гэрт дэлгэн үзүүлж, сонирхуулав. 
 
 
Эзэн Чингис Хааны үйл хэрэг, монгол ёс заншил, өв соёлтой холбоотой зураг зурж ирүүлсэн Чех улсын Нератовицэ хотод аж төрж буй Б.Хүслэн, Теплицэ хотод аж төрж буй Т.Энхжин, Т.Энхтогтох нарын хүүхдүүддээ ЭСЯ-наас талархал илэрхийлье. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулсан Чех улсад аж төрж буй С.Хишигжаргалд Элчин сайд Д.Гансүх одонг гардуулав.  
 
 
Монгол бахархлын өдөрлөгт Чех улсын ГХЯ, Карлын Их сургуулийн Монгол судлалын төвийн багш, оюутнууд, Монголч эрдэмтэн судлаачид, Монгол иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан холбоо, ТББ-уудын төлөөлөл, албан ёсны орчуулагч, хэлмэрчид, хэвлэл мэдээллийнхэн, оюутны болон бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл зэрэг 80 орчим зочид оролцлоо.