images

ИЛГЭЭЛТ-2100 ХӨТӨЛБӨРИЙН ШУГАМААР ЧЕХ УЛСАД СУРАЛЦАХ МАНАЙ ОЮУТНУУД ИРЖ ЭХЭЛЛЭЭ

Үйл явдлын мэдээ

2023-11-09

272

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС-ийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдан Бүгд Найрамдах Чех Улсад  суралцах оюутнуудын түрүүч 2023 оны 11 дүгээр сарын 8-нд Прага хотноо хүрэлцэн ирлээ.
 
Хүрэлцэн ирсэн 4 оюутан Прага хотын Техникийн Их сургуульд суралцах бөгөөд Элчин сайд Д.Гансүх оюутнуудыг ЭСЯ-ндаа хүлээн авч уулзаж, ТИС нь Чех улсын тэргүүлэх их, дээд сургуулиудын нэг болохыг тэмдэглэж, орон нутгийн шилдэг сурагчаас Европын шилдэг сургуулийн оюутнууд болж байгаад баяр хүргэж, сургуульдаа хичээл зүтгэлтэй сайн суралцаж, аав, ээжийнхээ ачийг хариулж, улс эх орон, нутаг усныхаа бахархал болж явахыг ерөөв. Мөн оюутны амьдрал, шинээр ирсэн улс орондоо дасан зохицох талаар зөвлөв.
 
2024 оны хичээлийн жилээс илүү олон оюутан ирэхээр бэлтгэлээ хангаж байна. Чех улсад оюутан суралцуулахад Монгол Улсын ЕТГ, БШУЯ, БЗС, БНЧУ-ын Боловсрол, спорт, залуучуудын яам, Чех улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, МУИС-д ажиллаж буй чех хэлний багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.