images

КАРЛЫН ИХ СУРГУУЛИЙН “MONGOLICA PRAGENSIA” СЭТГҮҮЛ ХЭВЛЭГДЛЭЭ

Үйл явдлын мэдээ

2023-02-15

377

Карлын Их сургуулийн Монгол судлалын тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний “Mongolica Pragensia” сэтгүүлийн 2 дугаар хэвлэгдэн гарлаа. “Mongolica Pragensia” сэтгүүлийг жилд 2 удаа гаргаж ирсэн бөгөөд цар тахлын уршгаар хэвлэгдээгүй байсан сүүлийн 2 дугаарыг Монгол Улсын ГХЯ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр ийнхүү гаргалаа. Энэ нь Монгол Улсын төр, засгийн зүгээс хилийн чанад дахь монгол судлалыг анхаарч, дэмжиж байгаагийн тод илрэл бөгөөд энэхүү нэр хүндтэй сэтгүүлийг тасалдуулалгүй гаргаж байх нь олон улсын монгол судлалд ч ач холбогдолтой юм.
 
Монгол судлалын тэнхимээс Монголын түүх, төрт ёс, шашин, соёлын чиглэлээр судалгаа шинжилгээ хийж ирсэн бөгөөд үр дүнг нь “Mongolica Pragensia” сэтгүүлд гаргадаг. Тухайлбал, эдгээр дугаарт Монгол, Чех, Герман, Унгарын эрдэмтэн судлаачдын бүтээлээс оруулжээ. Түүний дотор Илхаан Аргунаас Ромын Пап ламтан IV Николаст 1290 онд илгээж байсан захидлын тухай сонирхолтой бүтээл орсон нь олзуурхам.
 
Тус тэнхим нь 4 багш, бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй 20-иод оюутантай. Тэдний 5 нь монгол судлалаар докторын зэрэг хамгаалж байгаа аж. “Mongolica Pragensia” нь Азиас бусад бүс нутагт монгол судлалын чиглэлээр англи хэлээр хэвлэгддэг цорын ганц эрдэм шинжилгээний сэтгүүл бөгөөд 2016 онд Европын хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад бүртгэгдсэн нэр хүндтэй сэтгүүл юм.
 
 
Номын үйлс дэлгэрэх болтугай.