images

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГА Н.УУГАНБАЯР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЧЕХ УЛСАД АЖИЛЛАВ

Үйл явдлын мэдээ

2023-02-10

343

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Чех улсад ажиллалаа. Манай төлөөлөгчид Чех улсын Дотоод хэргийн яамны Орогнол, цагаачлалын бодлогын газрын дарга Павла Новотна, мөн Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн газрын дарга, бригадын генерал Милан Маер нартай тус тус уулзаж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлэх, туршлага солилцох, мөн  Чех улсад аж төрж буй манай иргэдийн оршин суухтай холбоотой нөхцөл байдал, тохиолддог хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл, санал солилцов.  
 
Уулзалтуудын үеэр ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр Чехэд оршин сууж буй манай иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх, сурах, дасан зохицоход чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, тусалж байгаад талархал илэрхийлж, нөхцөл байдлыг сайжруулахын төлөө нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Чехийн тал монголчууд олноороо оршин суудаг ч ноцтой хэрэг зөрчилд холбогдох нь харьцангуй бага байдаг гээд хэлний бэрхшээлээс шалтгаалан тэдэнд дасан зохицох, суралцахад тодорхой хүндрэл учирдгийг тэмдэглэж байв.
 
Чех улсад өнөөдрийн байдлаар Монголын 12000 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оршин сууж байна.