images

ЭЛЧИН САЙД СЛОВАК УЛСАД АЖИЛЛАЛАА

Үйл явдлын мэдээ

2023-01-30

345

Элчин сайд Д.Гансүх 2023 оны 1 дүгээр сарын 26-28-нд Словак улсад ажиллав. Тэрбээр Словак улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай З.Чапутовагийн тус улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзсан арга хэмжээнд оролцох үеэрээ Словак улс байгуулагдсаны 30 жил, Монгол, Словак улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав.
 
Мөн Словакийн Гадаад хэргийн яам, Эдийн засгийн яам, Тээврийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав. Тухайлбал, словакийн тал Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол, Словакийн хэлэлцээрийн төслийг Засгийн газар нь хэлэлцэн дэмжсэн тухайгаа мэдэгдэв. 
 
Эдийн засгийн яамны хоёр талын худалдааны хамтын ажиллагааны газрын Гадаад худалдааны бодлого, Европын хэргийн хэлтсийн дарга К.Даниелатай уулзаж, Монгол, Словакийн хооронд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар санал солилцож, хоёр талын бизнес эрхлэгчдийн Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж буй төслийг амжилттай болгоход дэмжлэг үзүүлж, Засгийн газар Эдийн засгийн яамыг шинээр байгуулан ажиллаж байгааг мэдээлэв.
 
Словак-Монголын Худалдааны танхимын Ерөнхийлөгч И.Чарногурский тэргүүтэй тус танхимын гишүүдтэй уулзах үеэр тэд өнгөрсөн жил Монголд хийсэн бизнес айлчлалынхаа мөрөөр үр дүнтэй ажиллаж байгаагаа мэдээлж, ингэний хоормог боловсруулж, савлах, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан цахим үйлчилгээний төв байгуулах төслүүдийн яриа хэлэлцээг эхлүүлснээ дурдлаа. 
 
Элчин сайд уулзалтуудын үеэр Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хүрээнд словакийн жуулчид, спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох төлөөлөгчид, кино, контент бүтээгчид манай улсад 30 хүртэлх хоногоор визгүй зорчих болсныг мэдээлэв. Айлын тал мэдээллийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж, жил бүр Братислав хотноо болдог олон улсын аялал жуулчлалын фестивальд оролцож, улс орноо сурталчлах боломжтойг тэмдэглэж байв.
 
Элчин сайд 2023 оны 1 дүгээр сарын 26-нд Словак улсад оршин суугаа иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөрийн нөхцөл, амьдрах орчин, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал бодлыг нь сонсов. Улмаар иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу тэдний ажиллаж буй үйлдвэр, компанийн удирдлагатай уулзах арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.
 
Мөн НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Словак улс дахь Төлөөлөгчийн газраас тус улсад оршин суугаа гадаадын иргэдэд зориулсан дасан зохицоход нь дэмжлэг үзүүлж буй арга хэмжээний талаар Элчин сайдад танилцуулав. Тухайлбал, Словакт оршин суугаа гадаадын иргэдэд зориулсан словак, англи хэлний сургалт явуулах, хөдөлмөр эрхлэлт, оршин суух, татвар зэрэг асуудлаар зайлшгүй шаардлагатай хууль зүй эрх зүйн зөвлөгөө өгөх сургалтуудад  монголчуудыг оролцуулахаар ажиллаж, улмаар монгол хэлээр гарын авлага гаргахаар зэхэж байгаагаа танилцууллаа. Мөн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй, шалгуур хангаж буй иргэдэд тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой талаар ярьж байв. Словакт манай улсын 100 гаруй иргэн амьдарч, хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд Элчин сайд тэдэнд дээр дурдсан боломжуудыг бүрэн ашиглахыг уриалав.