ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЧЕХ УЛСАД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
2023-05-22
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чех улсад хийж буй айлчлалын хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Тэрээр Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, Монгол Чехийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, айлчлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлт, сонирхсон асуудлаар ярилцлаа.
Монгол, Чехийн Нийгмийн хамгааллын хэлэлцээр 2023 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа ба хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд хоёр талд шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэврээ тогтоолгох боломжтой болоод байна. Энэ талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Монгол Улс Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенцын шинэчлэгдсэн стандартад бүрэн нийцсэн жолооны үнэмлэхийн шинэчилсэн загвар гаргахаар ажиллаж байгааг мөн мэдээлж, Чех улсад оршин суугаа манай иргэд энэхүү шинэ загварын үнэмлэхийг суугаа орныхоо жолооны үнэмлэхээр солих боломжтой бодоод байгааг онцоллоо.
Хоёр улс 2017 онд Агаарын харилцааны тухай Хэлэлцээр байгуулж, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр манай хувийн хэвшлийн компаниуд идэвхтэй ажиллаж байгаа талаар мөн мэдээлэв. Энэ нь хоёр улсын иргэд, бизнесийнхэн, аялагчид зорчих таатай нөхцөлийг бүрдүүлж байгааг тэмдэглэлээ.
Боловсролын салбарт тухайлбал, “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг чехтэй хамтран хэрэгжүүлэх, монгол оюутнууд, чехийн их, дээд сургуулиудад чех, англи хэлээр суралцах боломжтой болсныг мөн онцоллоо.
Энэ оны байдлаар Чех Улсад манай улсын 12005 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, сурч, оршин сууц байгаа бөгөөд 5770 нь эрэгтэй, 6235 нь эмэгтэй. Тэдний 5928 нь байнга оршин суух зөвшөөрөлтэй, 6077 нь түр оршин суух зөвшөөрөлтэй байна.