Чех улсын Хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар

2025-05-20


Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Парламентын Төлөөлөгчдийн болон Сенатын танхимаар хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд хуулийн төсөлд тус улсын Ерөнхийлөгч П.Павел 4 дүгээр сард гарын үсэг зурсан билээ. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлнэ.
 
Хууль санаачлагчдын зүгээс хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдлыг хангахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийснээ мэдэгдсэн бөгөөд Герман, Австри, Данийн холбогдох хуулиас санаа авч, хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан байна. Хуулийн зарим гол өөрчлөлтийн тухай мэдээллийг танилцуулж байна.
 
Эцэг, эхийн ажлын байрны баталгаа
Шинэ төрсөн хүүхдээ асарч байгаа эцэг, эх хүүхдээ 2 нас хүрэхээс өмнө ажилдаа буцаж орсноор өмнө ажиллаж байсан ажлын байрандаа ажиллах боломж бүрдэв.
 
Хүүхдээ асарч буй үедээ ажиллах
Шинэ төрсөн хүүхдээ асрах амралттай байгаа эцэг, эх ажил олгогчтойгоо тохиролцож гэрээ /DPP эсхүл DPČ/ байгуулснаар амралтын хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжтой болов. 
 
Туршилтын хугацааг сунгав
Ажилтнуудын туршилтын хугацааг 3 сараас 4 сар, удирдах албан тушаалтнуудын туршилтын хугацааг 6 сараас 8 сар болгон сунгасан байна. Туршилтын хугацааг харилцан тохиролцсоноор сунгахаас гадна туршилтын хугацаанд ажиллаагүй хугацааг /ажлаа тасалсан, амралт авсан г.м/ туршилтын хугацаанд нэмж тооцох юм байна. Туршилтын хугацаа нь хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацааны хагасаас хэтэрч болохгүй гэсэн заалт хэвээр мөрдөгдөнө.
 
14 наснаас хөдөлмөр эрхлэх боломжтой
14 болон түүнээс дээш насны хүүхдүүд заавал эзэмших боловсролтой эсэхээс үл шалтгаалан зуны амралтынхаа хугацаанд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хуульд заасан нэгдүгээр зэрэглэлийн эрсдэлгүй ажлын байранд ажиллах боломжтой болж байна.  Ажиллах хугацаа нь нэг ээлжинд 7 цаг, 7 хоногт 35 цагаас хэтрэхгүй.

Мөн Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хуульд заасан нэгдүгээр зэрэглэлийн эрсдэлгүй ажлын байранд ажиллах хүмүүс ажил олгогч шаардаагүй тохиолдолд эрүүл мэндийн тодорхойлолт өгөх шаардлагагүй болсон байна.
 
Онцгой байдлын үед амрах хугацааг богиносгов
Онцгой байдал, аваар ослын үед ажилтны амрах хугацааг 8 цаг хүртэлх бууруулах боломжтой байсныг 6 цаг хүртэл бууруулсан байна. Ажилтан дараагийн өдөр нөхөн амрах эрхтэй.
 
Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл
Хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас халах болон халагдах хугацааг тооцохдоо дараа сарын эхний өдрөөс 2 сарын хугацаанд тооцдог байсныг мэдэгдэл хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд тооцно. Жишээлбэл, 5 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдлээ хүлээлгэн өгсөн бол 7 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно. Мөн хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн зарим тохиолдолд 2 сарын хугацааг 1 сар болгож бууруулах боломжтой.
 
Цалин хөлсийг гадаад валютаар олгох
Чех улсад цалин хөлсийг зөвхөн чех кроноор олгодог байсан бол шинэчилсэн хуулийн өөрчлөлтөөр талууд харилцан тохиролцсоны үндсэнд Чехийн үндэсний банкны албан ханшаар гадаад валютаар цалин хөлсийг олгох боломжтой болов. Энэ зохицуулалт нь тухайлбал, Чех улсад холбогдох хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдэд үйлчилнэ.
 
Хөдөлмөрийн гэрээний маргааныг зохицуулалтыг илүү тодотгов
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалсан эсэх маргаан шүүхээр шийдвэрлүүлэхэд урт хугацаа зарцуулдаг бөгөөд ажил олгогчийн буруутай нь тогтоогдвол ажил олгогчоос ажилтанд цалин эсхүл нөхөн олговор олгодог. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн өөрчлөлтөөр цалин эсхүл нөхөн олговроос гадна амралт авах эрхтэй болсны зэрэгцээ талуудын эрх зүйн зохицуулалтуудын илүү тодорхой болгосон байна.