МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ПРАГА ХОТЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО
2025-05-02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Прага хотын Амьтны хүрээлэнд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек угтаж, байгууллагынхаа үйл ажиллагаа болон Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө талаар танилцуулав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зэрлэг адууны сүүлчийн төрөл зүйл болох тахийг авран хамгаалах, тоо толгойг нь өсгөх, эх нутагт нь эргэн нутагшуулах гавьяатай үйлсийг санаачлан хэрэгжүүлж буйд Прага хотын Амьтны хүрээлэнгийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлэв.
Прага хотын Амьтны хүрээлэн 1950-иад оноос устаж үгүй болох аюултай тулгараад байсан тахийг хамгаалах олон улсын анхдугаар симпозиумыг 1959 онд санаачлан зохион байгуулж, улмаар тахийн удмын сангийн бүртгэл, мэдээллийг хөтөлж эхэлснээр тахийг авран хамгаалах шинжлэх ухааны үндэс суурийг тавьжээ. Тус Амьтны хүрээлэн 2011-2019 оны хооронд нийт 9 удаагийн тээвэрлэлтээр 34 тахийг Хомын тал болон Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Тахийн талд нутагшуулаад байна.
Прага хотын Амьтны хүрээлэн нь 2024 оны 3 дугаар сард палеонтологийн олдворуудаараа дэлхийд алдартай Монголын говийн Баянзагийн байгалийн өвөрмөц тогтоцыг дууриалган “Говь” үзвэрийн /павилон/ хэсгийг байгуулсан бөгөөд тус үзвэрийн хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэж сонирхов.

Энэ үеэр тус Амьтны хүрээлэнд төрөөд 13 хонож байгаа тахийн унаганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дагина” гэж өгсөн бөгөөд тахийн удмын бүртгэлийн санд “Дагина” унагыг 7000 дахь тахиар бүртгэв.
Тус Амьтны хүрээлэн тахь нутагшуулах хөтөлбөрөөс гадна монгол бөхөн, хавтгайг хамгаалах чиглэлээр манай улстай хамтран ажиллаж байна.
Дэлхийн шилдэг 10 Амьтны хүрээлэнгийн тоонд жил бүр багтдаг тус Амьтны хүрээлэнг 2024 онд нийт 1,387,433 хүн үзэж сонирхсон байна.