ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Бүгд Найрамдах Чех Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны цахим хуудсанд зочилж буй Танд талархлаа илэрхийлэх ялдамд Та бүхэнтэй тус улсад ажиллаж буй Монгол Улсын Элчин сайдын хувиар мэндчилж байгаадаа нэн баяртай байна.

Миний бие 2021 оны 11 дүгээр сард БНЧУ-ын ГХЯ-нд Итгэмжлэх жуух бичгийхнээ хувийг гардуулан өгч, Элчин сайдын үүрэгт ажилдаа ороод байна. Мөн Бүгд Найрамдах Словак Улсад хавсран сууж ажиллах юм.

Монгол Улс, БНЧУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 70 гаруй жилийн түүхтэй. Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 110 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд үүнээс 70 гаруй жилд нь дипломат харилцаатай явж ирсэн нь манай хоёр орон уламжлалт харилцаатай гэдгийг бэлхнээ илтгэж байна. Монгол, Чехийн улс төрийн харилцаа, харилцан итгэлцэл өндөр түвшинд хүрсэн бөгөөд манай улсууд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн ардчилсан орнууд билээ. Энэхүү уламжлалт, найрсаг сайн харилцааг улам бүр бататгах, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ялангуяа хувийн хэвшлийн хооронд харилцаа холбоо тогтоохыг тус ЭСЯ чухалчилж ажиллана. Монгол Улсад Чех улсын тусламж, хөрөнгө оруулалтаар бий болсон томоохон бүтээн байгуулалтууд байдаг бөгөөд эдүгээ хувийн хэвшлийнхэн монголын түүхий эд, чехийн технологи, ноу-хауг ашиглаж, эрчим хүч, ХАА, байгаль орчин, ашигт малтмалын хайгуул зэрэг салбар чиглэлээр хамтран ажиллах боломжтой.

Чех улстай тогтоосон хамтын ажиллагааны чухал хэсэг нь өнгөрсөн хугацаанд хуучин нэрээр Чехословак улсад, сүүлийн 30-аад жилд Чех, Словак улсуудад суралцаж төгссөн Монголын 20 мянга гаруй оюутан залуус, мэргэжилтэй ажилчид бөгөөд тэд хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын түүчээ байж, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг хамтын ажиллагааны бат бөх гүүр болж байна.

Чех улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах, монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж идэвхтэй хамтран ажиллахад миний бие болон манай ЭСЯ-ны хамт олон үргэлж бэлэн байх болно. Юуны өмнө Монгол Улс, БНЧУ-ын хооронд байгуулагдах Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг Чех улсын шинээр байгуулагдсан Парламентаар хэлэлцүүлж, хүчин төгөлдөр болгох асуудлыг шийдвэрлэхийн төлөө хоёр тал анхаарч ажиллаж байна.

Энэ сайхан нутаг оронд аж төрж буй элэг нэгт монголчууд Та нар минь идээшин суурьшсан энэ улсынхаа ёс заншил, соёл уламжлалыг хүндэтгэж, хууль ёсыг чандлан сахиж, “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн монгол сайхан сургаалыг сэтгэлдээ тээж яваа гэдэгт итгэл дүүрэн байна.

Танд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Элчин сайд Д.Гансүх
Прага хот, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

- Элчин сайдын товч намтар